Алдаа гаргах талаар түгээмэл асуултууд

Хэр их туслах ёстой вэ?

Би өдрийн хоол хийхдээ хүүхдээ өдөр болгон тодорхой хэмжээгээр оролцуулдаг. Ихэнхдээ тэр дуртай байдаг ч гэсэн заримдаа буруу хийж байгаадаа их бухимддаг. Буруу хийж байж сурна гэдгийг би мэдэж байна. Гэхдээ ямар тохиолдолд би дуустал нь хий гэж шахаж, хэзээ өмнөөс нь хийвэл зүгээр вэ?

Юуны өмнө, та хүүхдийн хөгжлийн явц нь идэвхтэй үргэлжилж байгаа гэдгийг та санах хэрэгтэй. Зарим өдөр тэр хийж байгаа зүйлээ сайн чадаж, үргэлжлүүлэн хийх эрч хүчээр дүүрэн, өөртөө итгэлтэй байдаг бол бусад өдөр ядрангуй байдалтай төдийгүй хийх гэсэн зүйл нь болохгүй бол их бухимдана. Иймд, та хүүхдийнхээ сэтгэл санааны байдлыг ажиглаж, түүнд нь тааруулан өөрийн хүлээлтээ өөрчилж сур. Алтан дүрэм бол хийж чаддаг зүйлийг өөрөөр нь хийлгэх, хэцүү түвэгтэй хэсэг дээр бга зэрэг туслах бөгөөд үүнийг цаг үргэлж санах хэрэгтэй. Жишээлбэл, хүүхэд өөрөө талхан дээр масло, жимсний чанамал түвэггүй түрхээд нийлүүлээд сэндвич хийж чадсан хэрнээ талхыг хутгаар дундуур нь зүсч чадахгүй байж магадгүй. Шууд өмнөөс нь зүсч өгөх хэрэггүй. Хутгыг гартаа бариад сэндвичийг алхам алмхаар удаанаар тал хүртэл нь зүсч үзүүл. Ингэж чадахгүй байгаа хэсгийг нь тал хүртэл зүсч үзүүлсний дараа хүүхдээс оролдож үзэх үү гэж асуугаад үз. Таныг яаж зүсч байгааг хараад хүүхдэд оролдоод үзэх сэдэл төрч магадгүй. Эс бөгөөс өмнөөс нь зүсээд өг. Ингэж харуулах болгонд та хүүхдэдээ дараагийн удаа өөрөө яаж оролдохыг үлгэрлэн үзүүлж байна гэсэн үг.