Монтессори ямар талаараа өөр вэ?

Хүүхдийг ажиглаж байгаа чиглүүлэгч багш

Жинхэнэ ялгаа

Амьдралынхаа эхний жилүүдэд хүүхэд суурь чадваруудыг эзэмших нь маш чухал ач холбогдолтой. Эдгээрт зөвхөн танин мэдэхүйн төдийгүй бие даан анхаарлаа төвлөрүүлэх, шургуу оролдох, эргэцүүлэн бодож, бусадтай идэвхтэй харилцах зэрэг цогц чадварууд орно. Хөгжил, төлөвшлийг нь зохистой дэмждэг орчинд өсч торнисон хүүхэд том болоод өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй, танин мэдэх тэмүүлэлтэй, бүтээлч бөгөөд уян хатан бодох сэтгэх чадвартай, бусдын хэрэгцээ шаардлагыг мэддэг төдийгүй хаа байгаа газартаа эв найрамдалтай байдлыг эрхэмлэсэн нэгэн болдог.

Боловсролын уламжлалт ба Монтессори арга зүй

Уламжлалт боловсролын тогтолцоонд насанд хүрэгч, багш хүүхдүүдийн сурч мэдэх зүйлсийг тодорхойлдог ба мэдээллийг олж авах, дахин боловсруулах чадварыг суралцахуйн амжилтыг хэмжих хэмжүүр болгон үздэг. Мэдээллээр идэвхтэй хангагч бол багш бөгөөд идэвхгүй хүлээн авагч нь хүүхдүүд байна.

Монтессори арга зүй хүүхдийн үйлд хамгийн их ач холбогдол өгнө. Багш хүүхдэд хүрээлэн буй орчноос өөрт хэрэгтэй зүйлийг олоход нь чиглүүлэгч болохын тулд тухайн нөхцөл байдалд тохирсон зөв нөхцөл, тохироог бүрдүүлэх гэсэн огт өөр үүргийг гүйцэтгэнэ. Хүүхдүүд идэвхтэй суралцахуйд бие даан шамдах ба тэд өөрийн дээд хязгаартаа хүртэл хөгжиж чадна. Учир нь хүүхдүүд тухайн агшинд зөвхөн өөрт хэрэгтэй үйлийг өөрийн хурд, хэмнэлээр сурч, танин мэдэж байгаа тул тэдний хөгжил, төлөвшилд хязгаар үгүй байна.

Монтессори зарчим нь дараах үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
  • Орчин хүүхэл бүрийн хөгжлийн онцлог, өвөрмөц хэрэгцээнд тохирсон байна.
  • Насанд хүрэгч нь хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар мэдлэгтэй, хүүхдэд өөрийн сонгосон чиглэлээр хөгжихөд нь туслах үүрэгтэй чиглүүлэгч байна.
  • Эрх чөлөө гэдэг нь хүүхдэд хөгжих, суралцах үйлийг өөрийн хэмнэл, хурдаар хийх боломж олгохыг хэлнэ.