Монтессори зарчим

Ширээ зүлгэж байгаа хүү

Монтессори нь боловролын дараах үндсэн зарчмыг баримтална:

Хүүхэд амьдралынхаа үе тус бүрийн хэрэгцээ шаардлага өөр өөр байна

Хүүхдийн амьдралыг 0-6, 6-12, 12-18, 18-24 нас гэсэн дөрвөн үе шатанд хувааж үздэг.

Ихэнх сэтгэл судлаачид эдгээр өөр үе шатуудыг тодорхойлсон байдаг бөгөөд энэ ойлголтыг боловсролын хэрэгсэл болгон ашигласан хүн бол зөвхөн Др Монтессори бөгөөд ингэснээр боловсрол бол хүүхдийг "амьдралд бэлтгэх" гэсэн шинэ ойлголтыг гаргаж ирсэн. Хүүхдийн байгалиас заяасан хөгжлийг онцлог үе бүрт нь тааруулан зохистой дэмжиж чадвал, бид бүхэл бүтэн хүн төрөлхтний хөгжлийг өндөр түвшинд аваачиж чадна гэж үздэг байв. Тэрээр хүүхэд бүрийн амьдралд тодорхой зүйлийг гоц сурч чаддаг хөгжлийн тодорхой үе, боломж байдаг гэж зөвлөдөг. Хүүхдүүдэд эдгээр боломж бололцоого зөв цагт нь ашиглах боломж, орчинг бүрдүүлэх нь зайлшгүй чухал юм.

Хүүхдийн суралцахуй арга барил өвөрмөц өөр байдаг.

Амьдралын эхний зургаан жилд хүүхдийн тархи хүрээлэн буй орчноо тэр чигт нь шингээн авдаг мэт. Өөрөөр хэлбэл, шинэ төрсөн хүүхэд ямар ч хэлийг сурч чадах ба байгаа ямар ч орчинд түвэггүй дасан зохицож чадна. Аливаад түвэггүй суралцах хүний амьдралын энэхүү эхний зургаан жилийн хугацаанд Монтессори онцгой анхаарал хандуулахыг зөвлөдөг.

Хүүхэд төрөлхийн танин мэдэхүйн хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг.

Хүүхэд дөнгөж мэндэлсэн цагаасаа эхлэн шинэ орчиндоо дасаж, өөрийгөө чиглүүлэх, ертөнцтэй танилцахыг эрмэлздэг. Хүүхэд олж авсан мэдсэн мэдлэг, туршлага бүрээсээ хийсвэр утга санааг авч, бие даахыг байгалийн зөнгөөрөө хүсч, эргэн тойрныхоо хүмүүстэй харилцах арга замыг хайна. Тэр чухам юу болохыг нь мэдэхийн тулд гараараа хүрч, хүртэж, хөдөлгөж үзэхийг хүснэ. Урд байгаа үйлдээ анхаарлаа төвлөрүүлж, улам төгс төгөлдөр болгохын тулд олон дахин хийж үзнэ. Хөгжилд хөтлөх энэ хүч, тэмүүлэл бүгд хүн төрөлхтөний амьдралынхаа туршид авч явдаг байгалиас заяасан зан байдлын нэг юм. Энэ хүч л нялх, балчир хүүхдэд шинэ орчинд дасан зохицох, хөгжихөд нь тусалдаг.

Хүүхдүүдэд суралцахуйн өвөрмөц эгзэгтэй цонх үе байдаг

Хүүхдүүдэд эргэн тойронд өрнөж буй үйл явдалд харьцангуй эмзэг мэдрэмтгий ханддаг үеүд байдаг. Хүний амьдралын эхний зургаан жилийн хугацаанд хүүхдүүд хэл яриа суралцах, хөдөлгөөнөө удирдах, өөрийн ертөнцийг ойлгох гол хүч болсон оюун ухааныг хөгжүүлэх хүчтэй эрмэлзэлтэй байдаг. "Мэдрэмтгий үе" гэгдэх энэхүү үе тус бүр өөр өөрийн тодорхой хугацаанд үргэлжлэх ба хүүхэд зургаан нас хүрэхэд аажмаар сарнин бүдгэрнэ. Хүүхдийн байгалиас заяасан хөгжлийг эдгээр мэдрэмтгий үеүд тодорхойлно. Иймд, Монтессори үзэл баримтлал нь амьдралын эхний зургаан жилийн хугацаанд хүүхэд бүрийн өвөрмөц хөгжлийн хэмнэлийг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг.