Харилцан ярилцах

Хэл ярианы баялаг орчин бүрдүүл

  • Эцэг, эх, ойр дотны томчууд бүгд нийлээд хүүхдийн хэл ярианы орчинг бүрдүүлнэ. Хүүхдийн амьдралд байгаа хүн бүрт хүүхэдтэй цаг үргэлж харилцан ярилцах, аливаа юмс үзэгдэл, үйлдлийг дэлгэрэнгүй дүрслэн ярьж өгөх ямар чухал болохыг ойлгуул.

Үгсийг олж, мэдсэн туршлагатай нь холбож ойлгоход тусал

  • Таны яриаг хүүхэд төсөөлж байгаагаас чинь ч илүү сайн ойлгож чадна. Иймд, хүүхдийн мэдэрч, хийж заншсан үйлдлүүдийг өөрт нь алхам бүрээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх маш чухал гэдгийг ойлго. Жишээлбэл, та хүүхдээ аваад гадаа гарах гэж байгаа бол "Гадаа өнөөдөр их хүйтэн байна. Иймд, хоёулаа хүрмээ өмсөх хэрэгтэй. Одоо би чиний зүүн гарт чинь хүрэмний ханцуйг углана. Тэгээд баруун гарын ханцуйг хайж байна" гэх мэтчлэн ярилц.
  • Өөр зүйлд сатаарч, эсвэл нуруугаа харуулалгүй, хүүхдийнхээ нүд лүү харж байгаад хүүхэдтэйгээ ярилцаж заншаарай. Хүүхдэд ярилцаж байхдаа таны юу хэлэхийг сонсохоос гадна таны нүд, амыг харах хэрэгтэй байдаг.
  • Хүүхдийнхээ ярих оролдлогыг ажиглан анзаарч, хариу инээмсэглэж, давтан хэлж эсвэл зүгээр хүүхэддээ зөөлөн хүрч сонссон, ойлгосон гэдгээ заавал илэрхийлж бай.
  • Хүүхэд үгийг эд юмстай холбож ойлгодог учир хүрч, хүртэж байгаа эд юмсынхаа нэрийг сонсохыг хүсдэг, тэр нь чухал байдаг. Түүний харж байгаа эсвэл зааж байгаа эд юмсыг нь анзаарч, нэрийг нь хэлж өгч занш. Ямар нэгэн зүйл рүү заасаар л байвал нэрлэсээр л байгаарай. Хүүхэд дахин дахин сонсохыг хүсч байгаа тул хэдэн ч удаа хамаагүй хэлж өг.
  • Шинэ үгийг хэлж байгаа өгүүлбэр, хэллэг болгондоо оруулж, олон дахин удаа давтан хэл. Ингэснээр хүүхдэд шинэ үг сурахад амархан болно. Жишээлбэл, "Алим идмээр байна уу? Манайд хэдэн улаан алим байгаа. Улаан алим идэх үү?" гэх мэтчлэн давтан хэрэглэ.
  • "Баба", "маамаа" гэх мэтээр хэлээ хазаж, хялбаршуулсан маягтайгаар "нярай хүүхдийн хэл"-ээр хүүхэдтэйгээ ярилцахаас зайлсхий. Томчуудын ярьдаг хэлийг хүүхдүүд "нялх хүүхдийн хэл"-тэй адилхан л төвөггүй сурч чаддаг байхад хэлээ хазаж ярих ямар шаардлага байна вэ?

Зав гарга

  • Хүүхэдтэйгээ өдөр бүр ийм аргаар ярилцдаг бол, танд илүү цаг гаргах огт шаардлагагүй. Гэхдээ та хүлээцтэй, тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Эд юмсыг нэг л удаа хэлж өглөө гээд хүүхэд чинь шууд хэлж чадна гэж бодож болохгүй. Хүүхдийн ам эвлэрч байж л тэд хүссэн авиагаа гаргаж чадна. Үүнд тодорхой цаг хугацаа орно. Гол нь та хүүхдийнхээ оролдлогыг үнэлж, шинэ үгсийг хангалттай олон удаа хэлж, тэвчээртэй байж чадвал тэр тун удахгүй ярьж эхэлнэ.