Ном зохиол, дуу шүлэг уншиж өгөх

Хэрвээ та хүүхэддээ бүр нярай үеэс нь ном уншиж өгдөг бол удалгүй өөрөө номыг чин сэтгэлээсээ сонирхож эхлэхийг нь та харах болно. Тэр суугаад, ном руу харж, уншиж байгаа мэт дүр үзүүлэн өөрөө уншиж, зурагнуудын тайлбарыг хийнэ.

Ном зохиол, дуу шүлгээр бялхсан орчин бүрдүүлж өг

  • Хүүхдийн өрөөнд эсвэл том өрөөнд жижигхэн номын тавиур бэлдэж өгөөрэй. Номын тавиур дээр нь түүний дуртай цөөн хэдэн номыг өрж, чадвал долоо хоног болгон шинэ номнуудаар соль. Номны нүүр харагдахаар өрөх хэрэгтэй. Заншсанаараа номны нугас харагдахаар өрж болохгүй. Номны нүүр харагдаж байхад сонголт хийхэд амархан болох ба нүүрэн дээрх зураг хүүхдийг сэтгэлийг мөн татах болно.
  • Таны сонгосон номнууд бодит амьдралын түүхийг өгүүлсэн, хүүхдийн эргэн тойронд буюу магадгүй дэлгүүр, гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр явахад тааралдсан эд юмсыг дүрсэлсэн байх ёстой. Хүүхдийн мэддэг шүдний эмч, хүүхдийн эмч зэрэг хүмүүсийг харуулж болно. Хүүхэд энэ насан дээрээ эхлээд бодит амьдралыг ойлгож сураад, дараа нь уран зөгнөлийг ойлгодог болно. Өөрөөр хэлбэл, хүн үнэндээ нисч чаддаггүй, ид шидтэй хүн байдаггүй зэргийг эхлээд ойлгох нь чухал. Уран зөгнөл энэ насны хүүхдийн оюун санааг зөвхөн самууруулна.
  • Хүүхдэд уншиж өгөх ном зохиол нь шударга байдал, хөдөлмөрч зан, эвтэй найртай нөхөрсөг, ёс суртахууныг харуулж үлгэр жишээ өгдөг байх ёстой. Хүүхдийн буруу үйлдлийг харуулсан номноос татгалз. Хэдийгээр хөгжилтэй байж болох ч энэ насны хүүхдэд буруу үлгэр дууриал үзүүлэх болно.
  • Харанхуйд нуугдсан зэрэг хүүхдийг айлгах номнуудаас татгалз. Бид л харанхуй бол аймаар гэж ойлгуулахгүй бол хүүхдүүд харанхуйгаас анхандаа огт айдаггүй.
  • Хамтдаа дуулж болох дууны номыг сонгон, дээр нь байгаа зурагнуудыг давтагдсан үг хэллэгтэй хоршуулан дуулбал таны хүүхэд үгсийг урьдчилан таамаглаж чаддаг болно.
  • Хөдөлгөөнтэй энгийн дуунуудыг сонгож, хүүхэдтэйгээ хамт дуул. Гар хуруугаа ашиглаж сурч байгаа энэ насны хүүхдүүд хуруугаа хөдөлгөдөг айзамтай дуунуудад жигтэйхэн дуртай байдаг.

Хүүхдээ дуу шүлэг, ном зохиолтой танилцуул

  • Хүүхэддээ номын хуудсыг яаж эргүүлэхийг зааж өг. Хөдөлгөөнөө алхам алхмаар нь салгаж, номны хуудсыг эргүүлж үзүүл. Номтой болгоомжтой харьцах ёстой гэдгийг мөн үлгэрлэж үзүүл.
  • Энэ үе шатанд, та хүүхдээ харилцан ярианд татан оролцуулах, шинэ үгсийн сан заахдаа номын зургуудыг ашиглаж болно. Нохойны зургийг заагаад "Энэ юу вэ?" гэж нялх хүүхдээ хариулахыг нь хүлээгээд, шаардлагатай бол "Энэ нохой байна" гэж хэлээрэй. Хэрэв тэр үгийг мэддэг бол "Тийм ээ, тэр нохой" гэж давтаж хэлээрэй. Хэрэв тэр "муур" гэж хариулвал үгийг эерэг байдлаар ‘Тийм ээ, энэ бол манай муур шиг хар юм, гэхдээ нохой юм" гэж хэл.
  • Хүүхэдтэйгээ өдөр бүр давтаж болох жижиг дууны цуглуулгатай болж, жороо үе, хөдөлгөөнт дуу зэргийг хамтдаа дуулж бай.

Цаг гаргаж хүүхэддээ ном уншиж, хамтдаа дуу дуул

  • Өдрийн завсарлага, шөнө унтахын өмнө тогтсон нэг газар хүүхэддээ ном уншиж өгч байгаарай. Автобус, машин эсвэл эмч хүлээх зуураа хамтдаа ном уншиж заншвал та цагийг хүүхэдтэйгээ үр бүтээлтэй, сонирхолтой өнгөрөөх болно. Гадуур явахдаа дуртай номыг нь байнга авч яв.

Хөдөлгөөнт дууны жишээ

Гоё оо гоё оо

Чигчийхэн чинээ биш ээ Чихээ өөрөө угаая Тийм ээ хө айн? Гоё оо, гоё оо, гоё оо Хуруухан чинээ биш ээ Хувцсаа өөрөө угаая Тийм ээ хө айн? Гоё оо, гоё оо, гоё оо Эрхийхэн чинээ биш ээ Ээж аавдаа тусалъя Тийм ээ хө айн? Гоё оо, гоё оо, гоё оо

Маамуу нааш ир

Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё [гараараа даллана] Аав ээж хоёрын Авчирсан тоглоом бий шүү Морь унаж давхия [хуруугаараа морь болон давхина] Машин барьж явъя [машин руль барьж байгаа гараа хөдөлгөнө] Ном сонин уншъя [хоёр алгаа нийлүүлэн ном шиг болгон уншина] Ногоон модоо тарья [нэг гараараа усалж байгаа мэт үзүүлнэ] Маамуу нааш ир Манайд хоёулаа тоглоё [гараараа даллана] Ах эгч хоёрын Авчирсан тоглоом бий шүү Хүрэн баавгай хөтөлье [баавгай явж байгаа мэт хоёр тийшээ ганхана] Хүчит заанаа тууя [гараараа туух хөдөлгөөн хийнэ] Хүүхэлдэйнхээ хамтаар Хөөрхөн тоглоом тоглоё